Монгол Улсын сүлд, далбаа

Монгол улсын анхдугаар үндсэн хуулиар батлан тогтоосон БНМАУ-ын сүлд, далбаа

Монгол улсын сүлд тэмдэг нь хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий суурьтай соёмбо, түүний 2 талд “Э бам” үсгийг байрлуулсан.

Далбааны төв дундад хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий суурьтай, Соёмбо тэмдэг сүлд буюу “Э бам” үсгийг тусгай мөргөлийн ном бичсэн дэвтэр дээр урлан байрлуулсан, далбааны төгсгөлийг 3 улаан хээний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “хум” хэмээх үсэг байхаар тогтжээ. Тугны дээрх үсэг бичиг нь тэр цагийнхаа утгаар Манжийн үеийн тугд байсан манж, хятад үсгийг халж оронд нь Монгол үсэг болон Бурханы шашны хүндэтгэлийн бичиг ланз, төвд үсгийг арвин хэрэглэжээ. Энэ нэ “ Монгол манжийн эрхшээлээс гарч, тусгаар улс болон төр шашнаа ариунаар мандуулна” хэмээсэн тухайн үеийнхээ үзэл санаагаар илэрхийлж байжээ.

1940 оны БНМАУ-ын сүлд, далбаа

“БНМАУ-ын сүлд бол дугуй хэлбэртэй, дунд нь Монгол улсын хангай, тал, говь нутаг дээр нарны зүг уурга бариад яваа морьтой ард байх ба дугуйн хөвөөгөөр өвс ногооны дээр хонь, үхэр, тэмээ, ямааны толгой хоёр талд зурж, дугуйн дээд талыг дан алхан хээгээр хүрээлж, дунд нь таван хошуу тэмдэгтэй байна. Өвс ногооны доод уулзварт улаан лент дээр БНМАУ гэсэн бичиг байна” гэжээ.

“ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улаа, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд тэгэхдээ гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан таван хүшуу, түүний доор мөн алтан соёмбо үсэг байна. Далбааны өргөн урт хоёр нэгийн харьцах хоёрын харьцаатай байна” хэмээжээ.


1960 оны БНМАУ-ын сүлд, далбаа

“БНМАУ-ын төрийн сүлд бол төрийн мөн чанар, улс түмний найрамдлын үзлийг илэрхийлсэн, тус орны үндэсний болон эдийн засгийн онцлогийг үзүүлсэн байна”

“БНМАУ-ын сүлд бол тарианы түрүүгээр хөвөөлсөн дугуй хэлбэртэй байна. Тарианы ишийг хүрд араагаар холбож, эдгээрийг БНМАУ гэсэн үсэг бүхий улаан, цэнхэр өнгийн туузаар ороож зангидсан байна. ”

1960 оны Үндсэн хуулийн Ерэн нэгдүгээр зүйлд улсын далбааны талаар заахдаа: “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улсын сүлдийг үндэслэн хийнэ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улаа, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд тэгэхдээ гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан таван хүшуу, түүний доор мөн алтан соёмбо үсэг байна. Далбааны өргөн урт хоёр нэгийн харьцах хоёрын харьцаатай байна” хэмээжээ.

Монгол улсын төрийн сүлд, далбаа

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.

Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.

Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцгийн суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх “түмэн насан” хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт нь Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, цог хийморыг илтгэсэн “Алтан Соёмбо”, “Эрдэнийн хүлэг”-ийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнай хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй 3 цагийг бэлгэдсэн “Хүслийг хангагч чандмань эрдэнэ”, доод хэсэгт эх газрыг төсөөлсөн ногоон өнгийн “үүлэн хээ” , ашид дэвжихийн өлзий хутаг оршсон “”хүрд –ийг дүрсэлнэ. Хүрдийг дээдлэн хадгаар сүлжсэн байна.   

Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” хэмээн заажээ.

 


Share/Bookmark